Гэр бүл бол нийгмийн маш чухал нэгж юм. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрлэлт нь гэр бүлийг бий болгодог. Гэр бүл нь үнэнч сэтгэлийн гүүрийг улам нандин, эв нэгдэлтэй болгодог төдийгүй бидний биеийн хүслийг төгс сайнаар хангаж, аз жаргалтай сэтгэл хангалуун байдлыг өгдөг нарийн нандин холбоос билээ. Бурханы төлөвлөгөөнд гэр бүлийн гишүүд үргэлж бие биедээ аз жаргалыг өгч, бүрэн нийцэж амьдарч байхаар зорилго чиглэлийг нь зааж өгдөг.
Гэр бүл нь элбэг хангалуун, зохицон нийцэх орон байр ч болдог эсвэл хэрүүл тэмцэл, түгшүүрийн орон байр ч болдог. Харин танай гэр бүлийн харилцаанд амьдралын догшин шуурга ирэх үед, та яаж дүүрэн аз жаргалтай, бат бөх харилцааг барьж зогсоож чаддаг вэ? Библид итгэлээр босгогдсон, найрсаг дотно уур амьсгалтай, үзэсгэлэнтэй гэр бүлийн зураглалыг бидэнд өгсөн байдаг.
Яагаад Зарим Гэр Бүлүүд аз жаргалгүй байдаг вэ?
Яагаад ихэнх гэр бүлүүд аз жаргалгүй байдаг вэ? Тэд яагаад хэрүүл маргаан, тэмцэл, саланги байдлаас болж эвдрэлцэн салцгаадаг вэ? Учир нь хүмүүс Бурханы төлөвлөгөөг үл тоомсорлодог юм. Хууль ёсны бус, амрагийн холбоо нь гэм нүгэл бөгөөд өөрсдийн ёс суртахууны суурийг гутааж, ирээдүйн гэр бүлийг эрсдүүлэх аюултай алхам болдог. Зарим залуучуудын амьдрал нь зөвхөн сайхан мэдрэмжийг авахын тулд чиглүүлэгдсэн, өөрөө өөр дээрээ төвлөрсөн амьдралын хэмжүүрээр хүмүүжсэний улмаас гэр бүлдээ сөргөөр нөлөөлж, амьдралдаа сүйрлийг авчирдаг байна. Энэ байдлаас шалтгаалан гэр бүлийн салалт өндөр хувьтай байдаг.
Залуу үе нь бидний ирээдүйн гэр бүлийн суурийг тавьдаг. Бурханы өмнө амьдрах ариун амьдралын чухал хэсэг бол гэрлэлтийн үйл явцад бэлтгэх, гэр бүлийг босгон байгуулах явдал юм. Харин та агуу Уран барилгач болох Бурханы төлөвлөгөөг дагаж мөрддөг үү? Дуулал 127: 1-д “Эзэн гэрийг босгон байгуулахгүй л бол түүнийг барих тэдний хөдөлмөр нь дэмий хоосон юм...” гэжээ.
Түүний Үгэнд аз жаргалтай гэр бүлийг босгох барилгын материал нь агуулагдаж байдаг. Бурханы Үгийн дагуу босгогдсон гэр бүл нь итгэл, хайр, харилцан сонирхол болоод бие биенээ хүндэтгэж, харамгүй хайраар үйлчилдэг юм. Ийм гэр бүл нь аз жаргалтай амьдралыг бий болгосноор нийгэм, улс үндэстэн, ард түмнээ сахин хамгаалдаг байна.
Иймд та, юуны түрүүнд өөрийн гэм нүглийг хүлээн зөвшөөрч, Христ Есүсийн өмнө бүрэн гэмшиж, Түүний дотор шинэ амьдралыг эхлүүлэх боломжтой юм. Ингэснээр бүх юмс ард хоцорч, Бурхан таны амьдралд орж ирэн, та ерөөгдөх болно. Бидний бал бурам шиг гэрлэлтийн холбоо бэхжиж ирнэ. Энэ талаар Библид хэлэхдээ: “Эхнэрүүд ээ, энэ нь Эзэнд зохистой байдгийн адил өөрсдийн нөхрүүддээ захирагдагтун. Нөхрүүд ээ, эхнэрүүдээ хайрлагтун, тэдний эсрэг бүү ширүүн бай. Хүүхдүүд ээ, бүх зүйлд эцэг эхдээ дуулгавартай байгтун; учир нь энэ нь Эзэнд ихэд тааламжтай. Эцгүүд ээ, хүүхдүүдийнхээ зоригийг мохоохгүйн тулд тэднийг бүү уурлуул” (Колоссай 3:18-21) гэжээ. Энэ нь эрэгтэй эмэгтэй хоёул өөрсдийн хүсэл болон амьдралаа Бурханд даатгана гэсэн үг юм. Ингэснээр Эзэн гэр бүлийн амьдралд гол суурийг эзлэх ёстой. Хэрэв эрэгтэй, эмэгтэй хүмүүс хувиа хичээсэн үзэлтэй байдаг бол аз жаргалтай амьдралын харьцаа хаана бий болох вэ?
Эзэн доторх Гэрлэлт
‘Эзэн доторх’ гэрлэлт нь эрэгтэй, эмэгтэй хоёр зөвхөн Христитгэлт байх төдийгүй Эзэн тэднийг бие бие рүүгээ тэмүүлэх харилцааг удирддаг. Харин Эзэн бидний сонголтыг удирддаг гэдэгт итгэвэл, Түүний тэнгэрлэг мэргэн ухаан нь бидэнд хэрэгтэй ханийг зөвхөн өнөөдрөөр бус олон жилийн цаанаас урьдаас мэдэж бэлтгэдэг байна. Эзэн, өөр өөр зан авиртай, сонирхолтой хүмүүсийг ч илүү үр дүнтэй, тэнцвэртэй бодол санаатай байлгаж, нэг нэгэндээ итгэж, нэгтгэх боломжой болгодог. Марк 10:7-8-д, “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нэгдсэнээр; тэд нэгэн махан бие болдог, тиймээс тэд хэдийн хоёр биш, харин нэгэн махан бие болсон юм” гэсэн аж.
Гэрлэлт гэдэг нь ердийн нэг хууль ёсны гэрээ төдий зүйл биш ээ, энэ нь урт удаан амьдралын туршид байх үүрэг гэсэн үг. Есүс энэ тухай тодорхой тушаалыг өгөхдөө, “Тиймд тэд хэдийнээ хоёр биш, харин нэг бие махбод болсон. Тиймээс Бурханы нийлүүлснийг хэн ч бүү салгаг ...” (Матай 19:6) хэмээн айлджээ.
Хүсэл тачаал, бие махбодийн сэтгэл татам байдал, шохоорхол зэрэг нь гэрлэлтийн хамгийн тааруу эхлэл болдог. Эдгээр харилцаагаар бие биедээ татагдан гэр бүл болсон нөхцөлд тэдний цаашдын амьдрал нь бүтэлгүйтэл ба зөрчилдөөний эх үүсвэрийг бий болгож байдаг.
Бурханлаг Тушаал
Нийгмийн бүх хэсгүүд нэгдмэл байдаг шиг, гэр бүл нь нийгмийн жижиг хэсэг төдийгүй энэ хүрээнд хэн нэгэн нь зайлшгүй хариуцлага хүлээх төлөөлөгч болох эрх, үүрэгтэй болдог төдийгүй нийгэмд эзлэх гэр бүлийн зайлшгүй шаардлагууд ч урган гарч ирдэг байна. Бурхан бидэнд энэ талаарх тушаалыг Библиэр дамжуулан өгсөн. Тэрхүү тушаалд хамгийн агуу хариуцлагыг нөхрөөс шаарддаг бол дараа нь эхнэрээс, дараа нь үр хүүхдүүдээс төдийгүй гэр бүлийн бусад гишүүдээс шаарддаг. (1Коринт 11:3; Ефес 5: 22-6: 1-9; 1Петр 3:1-9-г уншаарай). Энэ нь эрх мэдлийн суурь бөгөөд үүнийг дагавал гэр нь эмх цэгцтэй, гэр бүл нь аз жаргалтай амьдрах болно.
Бурхан хүн төрөлхтний төлөө зарчим болон дэг журмуудыг бий болгосон ч, Тэрбээр эдгээр журам, зарчмуудыг зөрчихгүй явах хүчийг хүмүүст өгдөг. Харин заагдсан зарчмуудад дуулгаваргүй хандвал энэ нь өөрсдөд нь айдас ба харууслын зовлонг авчирдаг байна. Тиймээс Түүний өмнө дуулгаваргүй байсныхаа төлөө гэмшвэл, Тэрбээр хүмүүсийг Өөрийн бурханлаг зан байдлаар төлөвшүүлэн хүмүүжүүлж, Бурханы нигүүлслээр дүүргэх болно.
Нөхөр ба эхнэр болох хүмүүс гэрлэмэгц нэгдмэл болж, хүн нэг бүр бие биенийхээ төлөө хариуцлага хүлээх үүрэгтэй болдог. Тэдэнд өөрсдийн гэрийг төгс байлгахын тулд төрөлхийн авъяастай, янз бүрийн үүрэг рольтой байх зайлшгүй хэрэгтэй. Гэр бүлийн удирдлагыг хэн нэгэн нь өөр дээрээ хүлээн авах шаардлагатай тул Бурхан энэ байр суурин дээр эрэгтэй хүнийг төлөөлөгчөөр томилсон юм. Ефес 5:23-д, “Учир нь Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм; ...” гэжээ.
Тиймээс нөхөр нь өөрийгөө үгүйсгэх хайрыг зүрх сэтгэлдээ гүйцэд мэдэрч, хайр халамжаар дүүрэн сэтгэлээр эхнэрийгээ “өөрийн бие адил” (Ефес 5:28), хайрлаж халамжилвал сайхан харилцааны үндэс нөхцөлийг бий болгодог байна. Эхнэрээ халуун хайраар хайрласан нөхөр хүн, өөрийгөө эхнэрээсээ дорд болгож байна гэсэн үг огт биш ээ. Харин ч эхнэртээ бүх зүйлээ аминчлан ярьж, түүний нөхөрсөг зөвлөгөөг эрэлхийлж, эхнэртээ өгсөн хайраараа түүнийг өөрийн жинхэнэ хамтрагчаа болгон, хамгийн сайхан харилцааг үүсгэх эхлэл нь тавигддаг.
Мөн 1Петр 3:1-д, “Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нөхөртөө захирагд; ...” гэжээ. Христийг дуулгавартай дагадаг шиг эхнэр хүн гэр орондоо нөхрийнхөө удирдлагыг дагах үед, тэр гэр бүлд амартайван, сэтгэл хангалуун байдал хаанчилдаг байна. Ефес 5:33-д, “...харин эхнэр нь нөхрөө хүндэлдэг байг” хэмээн заажээ. Өнөө үед энэ зарчим үгүйсгэгдсэн нь өнөөдрийн гэр бүлүүдэд үлэмж их аз жаргалгүй байдлыг авчирсаар байна. Энэ зарчмаас дайжиж амьдрах нь зөвхөн гэр бүлийн амьдралд зөрчилдөөнийг авчраад зогсохгүй, эхнэр хүний зүрх сэтгэлд сүнсний зөрчил ч үүсдэг байна.
Хүүхдийн Байр Суурь
Бид, хүүхдийг цэвэр ариун бас гэнэн, гэм буруугүйгээр бодох дуртай. Хэдий тийм боловч бүгд төрөлхийн нүгэлтэй төрдөг. Хүүхэд өсч том болохтой зэрэгцээд түүний төрөлхийн зан чанар амиа хичээсэн байдал нь илэрхий нэмэгдэж эхэлдэг. Эцэг эхчүүд тэдгээр хандлагуудыг засах талаар хүмүүжүүлэх, сахилгажуулах арга хэмжээг авахгүй бол тэд өөртөө болон бусдад үлэмж их таагүй байдлыг авчирдаг байна.
Харин хүүхдийн үүрэг бол өөрийн эцэг, эхэд дуулгавартай байх явдал юм. Ефес 6:1-д, “ХҮҮХДҮҮД ээ, Эзэн дотор эцэг эхдээ дуулгавартай бай; учир нь энэ нь зөв юм” гэсэн байдаг. Дуулгавартай байдлын төгс жишээ болох Есүсийн хүүхэд насны амьдралыг Лук 2:51-г харвал, “Дараа нь Хүү эцэг, эхтэйгээ Назарет хотдоо буцан ирээд; тэдэнд дуулгавартай байв; ...” хэмээн тэмдэглэжээ.
Захирагдах байдлын зарчим хэрэгжиж, гэр бүл тогтсон дэг журамтай болох үед эцэг эх, үр хүүхдүүд аз жаргалтай болсноор, гэр оронд илүү амартайван байдал тогтдог. Бурханы тушаалыг гэр орондоо тогтвортой барьж, хэрэгжүүлдэг байвал эцэг эх нь хүүхдүүдийнхээ төлөө, үр хүүхдүүд нь эцэг эхийнхээ төлөө, тийнхүү бүгдээрээ Бурханы төлөө амьдрах болно. Ийм гэр бүлүүд бидний нийгмийг ерөөж, бидний үндэстэнд аз жаргалтай, сайн сайхан амьдралын нууцыг өвлүүлж үлдээдэг байна.
Орчин цагт хүүхэд залуучуудын ихэнх нь зугаа цэнгэл, шохоорхол, загварын ертөнц болоод архидалт, хар тамхины ертөнц рүү алхах дуртай болжээ. Мөн тэдний сэтгэл зүрх үнэ цэнэтэй, ёс журамтай байдлыг үл тоомсорлосон нийгэм рүү хурдацтайгаар татагдах болж байна.
Нэгэн цагт үнэ цэнэ, ёс суртахуунтай байдал нь бидний нийгэмд бүрэн бүтнээр, тогтвортой байдлын хэм хэмжээг тогтоодог байлаа. Гэтэл бидний аюулгүй орчин болох аз жаргалтай гэр бүлүүд үгүй болж байгаа нь бидний зүрх сэтгэл, санаа бодлыг зовоогоод зогсохгүй; тэр нь бидний хойч үе ирээдүй болох хүүхэд, залуучууд дээр аймшигтай ирээдүй авчирч байгааг анзаарахгүй байж болох уу? Та энэ асуудал дээр юу хийж чадах вэ?
Тэгвэл та энэ аюулыг нимгэлэхийн тулд, Бурхан руу чин үнэнч зүрх сэтгэлээр хандан залбираасай гэж хүсэж байна. Бидний энэ хандлагаас хамааран гэр бүлүүд, бидний ирээдүй, бидний улс үндэстэн, Бурханаас ерөөлийг авч сэргэн мандалт ирдэг талаар та хэзээ нэгэн цагт сонсож байсан уу? Энэ талаар хүүхдүүдийнхээ төлөө хэсэгхэн ч болов санаа зовон, анхаарч үзэхийг хичээгээрэй!
Христ бол Суурь
Хэрэв бид хүчтэй, аз жаргалтай гэр бүл байгуулахыг хүсвэл, Есүс Христ бидний гэрийн бүлийн суурь нь болох ёстой. ...Бороо орж, салхи салхилж байшинг нүдэвч Христтэй хамт байвал тэр гэр нурахгүй (Матай 7:24-27). ТЭРБЭЭР энэ харгис хэрцгий, энэрэлгүй дэлхийд өөрсдийн гэр орноо аз жаргал, амжилтаар дүүрэн байлгахад бидэнд тусалж, бидний амьдрах ирээдүй, зүг чиг, урам зориг хүч чадлыг өгөх болно. Есүс энэ дэлхий дээр амьдрах хугацаандаа гэр орноо хайрладаг Нэгэн байсан төдийгүй, бидний гэрт оронд нүүж ирэхдээ ч хэзээд бэлэн байдаг. ТЭРБЭЭР, бидэнд өгүүлэхдээ, “Харагтун, Би үүдэн дээр чинь зогсоод, тогшиж байна” (Илчлэлт 3:20) гэжээ.
Есүс эхлээд бидний зүрх сэтгэлийн хаалгыг тогшдог, тэгээд дараа нь бидний гэр орны хаалгыг тогшдог. Та Түүнийг урьж оруулсан уу? Гэр бүлийн аз жаргал нь гэр бүлийн бүх гишүүдийн зүрх сэтгэлээс эхэлдэг. Зүрх сэтгэлдээ амартайван үгүй бол бидний гэр оронд жинхэнэ аз жаргал, амартайван байдал тогтож чадахгүй.
Хэрэв бид, Бурханд чин үнэнээр итгэлээ өгвөөс, ТЭРБЭЭР бидний өдөр тутмын амьдралд тусалж эхэлдэг бөгөөд бид өөрийн уур уцаар, бүтэлгүйтэлээ Түүнд өгүүлбэл муу бүхнийг ялан дийлэх эхлэлийн суурийг тавьж өгөх болно. Исаиа 26:3-д, “...тэрээр Танд итгэдэг учраас, Танд зүрх сэтгэлээрээ бат зогсогч түүнийг төгс амартайван дотор хамгаалдаг” гэжээ.
Бурханлаг гэр бүлүүд өөрсдийн зүрх сэтгэл, гэр орон мөн нийгмийн хэрэгцээний төлөө залбирдаг. Залбирал бол гэр бүлийг хамтад нь нэгтгэдэг хүч мөн. Итгэмжтэйгээр үнэнээр хэлэхэд, ‘хамтдаа залбирдаг гэр бүл хамтдаа үлддэг’.
Бурханы төлөвлөгөөг өөрийн амьдралдаа мөн гэр бүлдээ хүлээж аваарай, бас Түүнд итгээрэй. “... өнөөдөр, хэрэв та нар Түүний дууг сонсвол, та нар зүрхээ бүү хатууруул, ...” –аарай, (Еврей 3:7-8). Харин Есүс Христэд зүрх сэтгэлээ нээцгээе! Эзэн таны зүрх сэтгэлийг мөн орон гэрийг тань ивээж ерөөхийг хүсэн хүлээж байна. Түүн рүү бүх зүрх сэтгэлээрээ ирэхдээ, итгэлтэй байгаарай. Хэрэв та үүнийг үйлдвэл, ТЭРБЭЭР танд үүрдийн аз жаргал, төгс амартайваныг угтсан тэнгэрлэг гэрийн тань үүд хаалгыг нээж өгөх болно.