"Та нарын хэн нэгэн зуун хоньтой байгаад тэднээс нэгийг нь алдчихвал, хээр ерэн есөн хоньдоо үлдээгээд, алдагдсан нэгийг олдох хүртэл түүнийг хайхаар араас нь явахгүй гэж үү? Тэгээд түүнийгээ олоод, мөрөн дээрээ тохон, баярлах болно. Тэрээр гэртээ хүрч ирээд, найз нөхөд болон хөршүүдээ дуудан, тэдэнд 'хамтдаа баярлацгаая; учир нь би алдсан хонио оллоо'" гэж хэлжээ (Сайн Мэдээний Лук ном 15:4-6).
ЕСҮС БОЛ ЖИНХЭНЭ ХОНЬЧИН
Дараах түүх нь бүх хүмүүсийг хайрлаж бас халамжилдаг Есүсийн хайрын тухай тайлбарлан дүрсэлсэн юм. Нэгэн Хоньчин зуун хоньтой байжээ. Тэрээр Өөрийн хоньдоо хайрлан, уулсын дундах хөндийд бэлчээдэг байлаа. Хөндий аюулгүй газар байсан хэдий ч уулс аюултай байв. "ЭЗЭН бол миний Хоньчин; би юугаар ч дутахгүй. Тэрбээр намайг ногоон бэлчээрт хэвтүүлж, дөлгөөн усны дэргэд аваачдаг" (Дуулал 23:1-2).
Заримдаа Хоньчин бэлчээр хайхын тулд хоньдоо уул өөд хөтлөн дагуулдаг байлаа. Хоньчин хонин сүргээ харж, хамгаалж, орой харанхуй болохоос өмнө тэднийг аюулгүй хөндийд буцаан авчирдаг байв. Малын хашаанд ирээд, хянамгай Хоньчин хоньдоо хашааны хаалгаар ороход нь нэг нэгээр нь тоолно. Тэгээд Есүс, "Би бол хоньдын үүд мөн: ...хэн Надаар орно, тэр хүн аврагдана" гэжээ (Иохан 10:7,9).
НЭГ ХОНЬ АЛГА БОЛОВ
Нэгэн үдэш хоньчин ерөн есөн хонь тоолов. Хоньдын нэг нь уулан дээр байсаар байна! Эргэн тойрон дахь газрыг сонирхсоор, тэр хонь хоцорчээ. Бөөн, бөөн ногоон өвс хонийг замаас нь уруу татна. Урьд өмнө нь хэзээ ч анзаарч байгаагүй цэцэгс, мод, бут бүрийг сонирхон зогслоо. Олж мэдсэн болгондоо урхидуулсан тэр хонь Хоньчиноо дагахаа мартаж сүргийн хойно үлдэв. Орой болоход хонь гэнэт ганцаараа, гэрээсээ хол байгаагаа олж мэджээ. Тэр айсан тул гүйж эхлэв. Төөрсөн хонь буруу замаар явлаа. Тэр өөрийн Хоньчин, хонин сүргээ, мөн харих замаа ч ололгүй байтал шөнө болж, шуурга эхлэв Төөрсөн хонь бутны дор хоргодсон боловч нэвт нороод, аймшигтай байлаа. "Бид бүгд төөрсөн хонь мэт; хүн бүр өөрсдийн зам руу эргэжээ" (Исаиа 53:6). Эцэст нь аянга бас бороо зогсов. Янз бүрийн дуу чимээнүүд, шөнийн сүүдрүүд хонийг сандарган айлгаж энэ тэрүүгээр гүйв. Өргөст моднууд хонийг шархдуулахад, түүнээс цус урсаж байв. Түүний цусны мөрөөр чононууд улилдаж, барихаар хөөлөө.
ХОНЬЧИН ХАЙЖ БАЙНА
Хоньчин нэг хонь алга болсныг олж мэдээд, малын хашааны хаалгыг хааж, таягаа аваад уул өөд буцан явав. Хоньчин мөн шуурга, харанхуйтай нүүр тулгарав. Тэрбээр өлсөж, норж, даарчээ. Байн, байн зогсож хонио дуудах боловч хариу олж сонсохгүй байлаа. Хоньчин ядарч байсан ч, цөхрөлтгүйгээр үргэлжлүүлэн хайлаа. Холоос чонон сүрэг улилдахыг сонссон Хоньчин, хонь нь том аюулд орсныг мэдэв. Тэрээр маш хурдан тэр зүг гүйв. Хэт хожимдохоос өмнө хонь аврагдаж чадах болов уу?
Төөрсөн хонь чононуудын улилдахыг бас сонсжээ. Тэр цуцаж, туйлдталаа үргэлжлүүлэн гүйсээр байв. Харгис чононууд түүнийг урхидахаар хөөн гүйж байгааг мэдсэнгүй. Аймшигтай шөнө байв. Хавцлын ирмэгт байх асар их өргөст моднууд дунд хонь гацжээ. Тэр цус алдаж, туйлдаж, бас чононуудаар хүрээлүүлсэн байлаа. Өрөвдөлтэйгөөр тэмцэж байсан боловч өөрийгөө аварч чадсангүй. Энэ нь яг л түүний төгсгөл ирсэн мэт байжээ. Түүний хийж чадах цор ганц зүйл нь тусламж гуйн, майлах байлаа.
ХОНЬ АВРАГДСАН НЬ
Хоньчин сонссон даруйдаа маш хурдан иржээ! Тэрбээр чононуудтай айдасгүйгээр тулж, бүгдийг нь хөөв. Хоньчин туйлдсан хонь дээрээ очин, түүнийг өргөст бутан дундаас зөөлнөөр татан гаргаад, хавцлаас холдон явлаа. Түүний шархнуудыг угааж, тос түрхэж эмчлэв. Тэгээд хонио тэврээд, болгоомжтой явсаар гэртээ иржээ. Алдагдсан хонь олдлоо. "Тиймээс Би хоньдоо хайж, тэднийг хүргэж өгөх болно" (Езекиел 34:12).
Бид бүгд энэ төөрсөн хонь мэт байдаг. Есүс бол Сайн Хоньчин бөгөөд бидэнд хайртай бас бидэнд зориулсан аюулгүй газар Түүнд бий. Мөн бидний зүрх сэтгэлийг хөнөөхийг хүсдэг дайсан байдаг. Сатан биднийг дур татсан зүйлсээр, зугаа цэнгэлээр, сайхан цагийг амлан уруу татаж байдаг. Эцэст нь эдгээр зүйлсээс бидэнд юу ч үлддэггүй. Сатаны санал болгодог аз жаргал, бүрэн дүүрэн байдлууд нь хуурамч бөгөөд бодит бус юм. Улмаар бид сэтгэлээр унасан, айдастай; шаналсан, шархалсан, урагдсан сэтгэлтэй болдог. Бид сохроор тэнүүчилсээр, үүнээс зугтах ч боломжгүй болдог.
Харин Бурханы авралаар Есүс бидэнд зугтах замыг өгдөг. Тэрбээр өнөөдрийг хүртэл Сатаны өгөөшинд урхидуулсан хүмүүсийг хайсаар байна. "Тиймээс Хүний Хүү (Есүс) алдагдсаныг хайж, аврахаар ирсэн" (Лук 19:10).
Сайн Мэдээний Матью номын 11:28-д Есүс хэлэхдээ, "Хүнд ачаа үүрсэн, эцэж ядарталаа хөдөлмөрлөсөн бүгд Над руу ирэгтүн, Би та нарт амралтыг өгье" гэжээ. Бид нүгэлтэй гэдгээ ойлгож, Есүсээс өршөөлийг гуйн залбирах хэрэгтэй. Тэгээд өөрсдийн амьдралаа бүхэлд нь Түүнд өргөөд, нүгэлт замаа орхиорой. Есүс бидний төлөө үхэж, Өөрийн цусаар бидний нүглийн төлөөсийг төлсөн учир бид Бурханы өмнө цэвэр бас эрх чөлөөтэй юм. Алдагдсан хонь олдож, Хоньчин малын хашаанд хонио авч ирэх үед Тэнгэрийн Улсад аугаа их баяр хөөр болж байдаг. "Хэрэв түүнийг олсон тохиолдолд үнэнээр Би та нарт хэлье: тэрээр, алдагдаагүй ерэн есөн хониноос илүүтэйгээр баярлахгүй гэж үү" гэжээ (Матью 18:15).