Ариун Сүнс бол Тэнгэрлэг Гурвалын Нэг бөгөөд гурав дахь оршихуй нь билээ. Түүнийг Эцэг Бурхан өөрийнхөө хүүхдүүдтэй хамт байлгахын тулд илгээдэг. “Би Эцэгээс та нар руу Тайтгаруулагчийг илгээнэ. Тэр бол Эцэгээс гарах үнэний Сүнс мөн. Тэрбээр ирэхдээ Миний тухай гэрчилнэ” (Иохан 15:26).
Ариун Сүнс нь алс холын газарт тайлагдашгүй оршихуйд байдаг Нэгэн биш ээ. Тэрбээр амархан танигдаж, бидэнтэй холбоотой байж чаддаг Нэгэн юм. Учир нь Тэрбээр бол Бурханлаг зан чанартай тул Түүнийг оршин байгаа зан чанараар нь тодорхой таньж мэдэж болно.
Түүний Зан төлөв
Ариун Сүнс бол дөлгөөн. Тэрбээр таныг хүчээр удирддаггүй, харин тантай намуухан тайван ярьж, удирддаг. Таныг буруу зүйл хийх үед түүндээ гэмших сэтгэлийг өгдөг, тэгээд таныг эргээд зөв замд ороход тань удирдана. Ариун Сүнс нь хүнд гэмших сэтгэлийг төрүүлдэг. Түүний чих зөөлөнтэй, дөлгөөн, дуугүй, хүлээцтэй зан байдлыг нь буруугаар ашиглаж Түүнийг үл тоомсорлон орхиж болохгүй. “Бурханы Ариун Сүнсийг бүү гомдоо, цагаатгалын өдөр та нар Түүгээр тамгалуулна” (Ефес 4:30).
Түүний Зорилго
Ариун Сүнсний зан төлөв нь ер бусын гайхамшигтай бөгөөд Тэрбээр тэнгэрлэг зорилготой. Тэрбээр Бурхан Эцэгийн хүслийг гүйцэлдүүлэхийн тулд илгээгдсэн юм. Түүний ажил бол Христ Есүсийг алдаршуулж, Түүний нэрийг өндөрт өргөж, зөвхөн үнэнийг өгүүлдэг. Тэрбээр муу ёрын хүчээр хүний сэтгэлийг гонсойлгож, удирдахаар тэмцдэггүй, харин Өөрийн ажлыг Эцэг Бурхантай хамт нэгдмэл байдал дотор үргэлжлүүлдэг.
Тиймээс Ариун Сүнс, Бурханы талаарх таны ойлголтыг тодорхой болгож өгдөг тул Бурханаас өгөгдсөн Ариун Библийг уншихад танд ойлгомжтой байлгахад туслах болно. Аливаа нэгэн зүйлийн аль зөв, аль нь бурууг мэдэхгүй эргэлзэх үедээ, та Түүнд ойртон Үгийг нь сонсоорой. Тэрбээр таны эргэлзээний үүлийг арилгаж туслах болно. Зарим үед Тэрбээр танд туслуулахаар Бурханы хүүхдүүдээс хэн нэгнийг илгээдэг. Тэр үед та даруу байж, тэдний үгийг сонсоход бэлэн байх хэрэгтэй. Ариун Сүнс хүмүүсийн зааж сургаж байгаа номлолын аль нь зөв, аль нь буруу болохыг ойлгож мэдэхэд тань мөн л туслах болно. Мөн Тэрбээр танд ‘Тэргүүн’ нь Есүс Христ байх, Христ итгэлт чуулганыг олоход тань тусална (Ефес 5:23). Ариун Сүнс танд зөвхөн сайн мэдээний хичээл заадаг бус харин цорын ганц Бурханы хүслийг заадаг чуулгануудын хоорондын ялгааг харахад тань тусална. Тэрбээр таныг усан баталгаа хүртэж, Бурханы хүүхдүүдийн нөхөрлөлийн нэг хэсэг байгаасай хэмээн хүсдэг.
Түүний Ирэлт
Христ Есүс энэ дэлхий дээр амьдрах үедээ, бидний адил хүн байсан тул Түүний оршин буй нь Ариун Сүнсний адил байх боломжгүй байв Есүсийн дагалдагч нар Түүний сургаал зөвлөмж болон оршихуйд нь дасаад зөвхөн Түүнтэй хамт байхыг л хүсэж байлаа. (Иохан 16:7).
Есүс дагалдагчд нартаа тушаасан ёсоор, Пентехост Баярын Өдөр тэднийг хамтдаа байж залбирч байх үед, дагалдагчид дээр Ариун Сүнс ирж, тэд Түүнийг хүлээж авсан юм. Бурхан энэ өдөр Ариун Сүнсийг Өөртэйгөө хамт илгээхдээ, хүмүүсийн дунд зарим тэмдэгүүдийг мэдэгдэхүйц харуулахаар төлөвлөсөн байв. Ариун Библийн Үйлс номын 2:2-т энэ тухай заахдаа, “Гэнэт тэнгэрээс хүчит хуй салхи мэт дуу чимээ гарч, тэдний сууж байсан байрыг бүхэлд нь дүүргэв” гэсэн байна. Улмаар тэнд байсан дагалдагчдад олон орны хэлүүд өгөгдөж, тэдний толгой дээр гал мэт зүйл үзэгдэж байлаа. Энэ үед Ариун Сүнс гайхамшгийг үйлдэхдээ нэг цагт, нэг дор олон орны хэлээр сайн мэдээг дуулгажээ. Олон хүмүүс Ариун Сүнсийг хүлээн авсан тэр үед Тэрбээр ийнхүү нотолгоог харуулсан юм! Ариун Сүнсээр дүүрсэн дагалдагчид нь Есүс Христийн тухай гайхаймшигт үнэнийг заан, номлож эхлэхэд тэднийг ажиглаж байсан хүмүүс, ‘мэдлэг, боловсролгүй Галилеен эрчүүд одоо энэ бүх хэлийг хэрхэн мэддэг байна’ хэмээн шагшин ярьж байлаа (Үйлс 2:4-12). Харин зарим нь үүнд үл итгэн, элэглэн шоолж, ‘энэ хүмүүс согтуу байна!’ хэмээн нотлохыг оролдож байв. Тэр өдөр энэхүү гайхамшигт сайн мэдээг сонссон олон хүмүүс Бурханд итгэж аврагдав. Энэ үеэс Христийн шинэ цуглаанд ирэх хүмүүсийн тоо үлэмж нэмэгдсэн юм (Үйлс 2:13,41,47).
Ариун Сүнс Хэний дотор амьдардаг вэ?
Ариун Сүнс Бурханы хүүхдүүдийн зүрх сэтгэлд амьдардаг. Ариун Сүнс тэдэнд харь гадны нэгэн биш ээ, харин хамгийн дотно хувийн найз, анд нөхөр нь болдог. “Та нар Бурханы сүм бөгөөд Бурханы Сүнс та нарын дотор оршдог...” (1Коринт 3:16) гэжээ. Тэрбээр биднийг ойлгож, бидэнд хэрхэн туслахаа мэддэг, Бурханыг хайрлаж, Түүнийг дуулгавартай дагадаг хүмүүсийн халамжит найз нь байдаг Нэгэн билээ. “Би Эцэгээсээ гуйхад, Тэрбээр та нарт өөр нэгэн Тайтгаруулагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна; ” (Иохан 14:16).
Ариун Сүнс Бурханы хүүхдүүдийн зөвхөн зүрхэнд нь бус, тэдний амьдралд нь дүүрэн байдаг төдийгүй тэднийг Бурханы тухай чөлөөтэй, зоригтой гэрчлэхэд нь удирддаг байна. “Ийнхүү тэднийг залбирахад, тэдний цугларсан газар доргин чичирхийлэв; тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, Бурханы үгийг зоригтойгоор ярилаа” (Үйлс 4:31).
Түүний Үйлчлэл
Ариун Сүнс буруу замаар алхаж, гэм нүгэл дотроо амьдарч байгаа хүмүүсийг Эцэг Бурхан руу эргүүлэхийн тулд тасралтгүй гуйн залбирдаг. Ариун Сүнс нь Бурханы өмнө бууж өгөөгүй, өөрчлөгдөөгүй, зүрх сэтгэл дотор оршин байж чаддаггүй. Харин нүглийнхээ төлөө гэмшдэг хүнийг маш ихээр хайрлан тэвчиж, түүнийг удирддаг (Иохан 16:8). Бурханы хүслийн дагуу хүн өөрийн шийдвэрээр, Есүс Христэд итгэх итгэлээр Түүнд бууж өгөхөд, тэр хүн Бурханы хүүхэд болдог. Тийнхүү зөвтгөгдсөн нэгэнд Бурхан Өөрийн Сүнсийг илгээдэг. “Харин Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг тэдний зүрхэнд илгээж, тэд ‘Аав аа, Эцэг минь!’ гэж дууддаг хөвгүүд бол та нар юм” (Галат 4:6).
Ариун Сүнсээр дүүрсэн хүн Бурханы Цуглааны үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй, цуглаанд очих сонирхолтой болдог. Ариун Сүнс бол Цуглааны амь тул Түүнийг байхгүй бол амьгүй мэт байх болно. Ариун Сүнс нь Цуглааны өсөлт, үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, дэлхий дахинд сайн ургацын талбайг бий болгохын төлөө итгэгч хүмүүсийг үйлчлэлд гаргахаар дуудаж байдаг Нэгэн билээ. “...Ариун Сүнс, ‘тэднийг Миний дуудсан ажлын төлөө, Барнабас болон Саул нарыг Надад тусгаарлагтун’ гэж айлдав. ...Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селеуциад ирж, харин тэндээсээ Кипр рүү усан онгоцоор явав” (Үйлс 13:2,4). Биднийг Ариун Сүнстэй хамт үйлчлэх үед Тэрбээр бидний өмнө явж, сайн мэдээг тараах бидний замыг бэлтгэж, хүмүүсийн зүрх сэтгэлийг зөөллөж байдаг байна. Тэрбээр Бурханы хаанчлалыг өргөжин өсөхөд туйлын ихээр баярладаг төдийгүй, Бурханд зүрх сэтгэлээ өгч, гэм нүглээсээ салсан эрэгтэй эмэгтэй хүмүүс, хүүхэд, залуучууд, хөгшид болон таны, миний төлөө ч баярлан хөөрдөг юм.
Ариун Сүнс заадаг
Ариун Сүнс бидэнд маш их зүйлийг зааж өгдөг. Түүний үгнүүд нь Бурханы үгс юм. Бидэнд хэрэгтэй бүх ойлголтууд нь Бурханаас өгөгддөг бөгөөд Тэрбээр энэ бүгдийг Бурханыг хайрлаж, үгийг нь дагадаг хүмүүст зааж өгдөг (Иохан 14:26). Ариун Сүнсний заадаг зүйл нь бидэн дээр адилхан ирдэг ч, тэр нь үргэлж шинэ, үргэлж анхных байхаар тодорхой хэрэгцээний маань дагуу өгөгддөг. Ариун Сүнсийг зааж, зөвлөж эхлэх үед, бид Түүнийг сонсохын зэрэгцээ заах боломжийг нь ханган өгч, Түүнийг сонсож, Түүнийг хүлээн аваарай.
Ариун Сүнс маш нарийн мэдрэмжтэй тул бидний дотоод сэдлийг илрүүлэх чадалтай. Тэрбээр бидний хамгийн нууц бодлуудын заримыг нь сайшаан, заримыг нь үл хэрэгсдэг. Гэм нүгэл хаана байна тэр газарт хүлээцтэй хандан, баяр хөөртэй оршин тогтнож чаддаггүй. Нэгэн цагт хүн өөрөөрөө сайрхан өндийж, өөртөө сэтгэл хангалуун болох үед Түүнд тааламжгүй болж, энэ байдлыг дургүйцэж эхэлдэг.
Тэрбээр Хүч Чадлыг өгдөг
Ариун Сүнс Бурханы хүүхдүүдийн хүч чадал нь болдог учир диаволын эсрэг тулалдаж, өөрсдийн муу хүслийн эсрэг сөрж зогсох чадвартай болдог. Энэ хүч чадал үгүй бол бид бузар сүнсний өмнө сул дорой юм. “Мөн түүнчлэн Сүнс сул дорой болсон биднийг тэнхрүүлдэг”(Ром 8:26). Түүнийг бидний талд, бидэнтэй хамт байхад юунаас ч айлгүй, харин Бурхан бидний өмнөөс тулалдаж байдаг гэдэг нь баттай юм.
Хэрэв та Бурханы хүүхэд биш бол таны бодлууд болон үйлдэлүүдийг тань удирддаг өөрөөс тань илүү хүч байдгийг анзаарч байсан уу? Сатан бол “... агаарын хүч чадлын ханхүү, өнөө үед дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч сүнс; ...” (Ефес 2:2) билээ. Та бузар муугийн энэ ‘ханхүү’-гээс ангижрах хэрэгтэй. Өөрийн хийсэн гэм нүглийн төлөө гэмшиж, Есүст итгээрэй. Тэгвэл таны зүрхэн дэх бузар мууг цэвэрлэх Түүний хүчийг та мэдрэх болно. “Учир нь бидний дайны зэвсэг бол махан биеийнх биш, харин Бурханы хүчээр бэхлэлтүүдийг нурааж, Бурханы мэдлэгийн эсрэг өөрийгөө бүх өндөрлөг зүйлсд өргөмжлөгч нэгэний төсөөлөлүүдийг устган, бодол бүрийг Христийн дуулгавартай байдалд олзолж авчирдаг” (2Коринт 10:4,5).
Хэлүүдээр Ярих нь
Хэлүүдээр ярих, түүнийг орчуулах тайлал нь Христээс илгээгдсэн бөгөөд тухайн үед олон чуулганууд хэлний талаар алдаа ба эргэлзээнд байхад нь элч Паул зөвөөр тайлбарлаж байлаа. Бидний хамгийн дотны нөхөр Ариун Сүнс ийм эмх замбараагүй байдлыг үүсгэгч гэж үү? Тэрбээр эргэлзээ төөрөгдлийг бүтээгч биш ээ. Тэрбээр биднийг чин сэтгэлээсээ халамжилж бас үргэлж бидэнд заан бүх зүйлсийг ойлгомжтой тодорхой болгож өгдөг. Түүний даруу байдал дотор өгөгддөг зөвлөмж нь бидэнд явах зүг чигийг үнэнээр өгөхөөс бус эргэлзээ дотор үлдээдэггүй юм. Хэлүүдээр ярих гэдэг нь Үйлс номын 2-р бүлэгт өгүүлсэнчлэн, олон улс үндэстний хүмүүс нэг цагт цугларсан үед өөрсдийнх нь төрөлх хэлүүдээр ярихыг сонссон хэмээн бичигдсэнийг дүрслэн ойлгож болно. Энэ бол хүн хүнд тодорхой хэрэгцээнд нь зориулж өгдөг Ариун Сүнсний бэлэг юм. Харин харь хэлний тухай 1Коринт 14-р бүлэгт өгүүлсэнчлэн, энэхүү бэлэг авъяас нь Ариун Сүнсээр өгөгдөх үед хүмүүсийг тодорхой зааж сургахад чиглүүлдэг тул Тэрбээр хэзээ ч эргэлзээ будлианд оруулдаггүй юм. “Тэгэхлээр ах дүү нар аа, энэ нь яах вэ? Та нарыг хамтдаа цуглах үед та нарын хүн бүрд дуулал байдаг, сургаал байдаг, хэлүүд байдаг, илчлэл байдаг, аман орчуулга байдаг. Энэ бүхэн нь сурган хүмүүжүүлэхийн тулд байг” (1Коринт 14:26) гэжээ. Бурханы Сүнс үргэлж хүнд ойлгомжтой ярьж, биднийг агуу гэрэл рүү хөтөлж байдаг. Тиймээс, “Хэрэв хэн нэгэн мэдэхгүй хэлээр яривал, хоёулаа ярь, эсвэл гурваас дээш яривал, ээлж дараагаар ярь; харин нэг аман орчуулагчтай байг. Хэрэв орчуулагч байхгүй бол тэд цуглаанд чимээгүй байг; харин өөртөө болон Бурханд яриг” (1Коринт 14:27-28) гэсэн анхааруулгыг элч Паул чуулгануудад өгсөн.
Библи бидэнд зөвхөн Ариун Сүнстэй нэгэн нь хэлүүдээр заавал ярих шаардлагатай гэж заадаггүй. Сүнсний оршин буйг нотлох нотолгоо бол итгэгчдийн амьдралд Түүний гаргах үр жимс юм. “Харин Сүнсний үр жимс нь: хайр, баяр хөөр, амартайван, тэвчээр, сайхан зан, энэрэнгүй сэтгэл, итгэл найдвар, биеэ захирсан, даруу төлөв байдал зэрэг юм. Эдгээрээс өөр хууль байхгүй” (Галат 5:22-23).
Бурханы хүүхдүүдэд буй Ариун Сүнс нь тэднийг ойлгодог, мэдэрдэг найз нь болдог. Бид Түүнд итгэмжтэй байвал, Тэрбээр биднийг хэзээ ч хаяж, орхиж явахгүй. Ариун Сүнс хэзээ ч ядардаггүй, харин ч биднийг үргэлж харж, бидэнд тусалж байдаг. Заримдаа Тэрбээр бидэнтэй чимээгүйхэн ярьсан ч Түүний үгс ойлгомжтой, тодорхой байдаг. Тэрбээр Өөртэйгөө хамт эрх чөлөө, амартайваныг авчирдаг. Тэр бол энэ дэлхий дээрх хамгийн эрэлт хэрэгцээтэй найз билээ.
Тэрбээр Мөнх Амийг өгдөг
Бурхан яг одоо ТАНД Өөрийн Сүнсийг өгөхийг хүсэж байна. Бурханд чин сэтгэлээсээ гэмшиж, нүглээ улайн, ирэгтүн. Түүний хүсэлд захирагдах нэгэнд Ариун Сүнсийг өгөх болно. Тэрбээр танд Бурханд үйлчлэх урам зоригийг өгөхөөс гадна Бурханы өмнө дуулгавартай болоод үргэлж даруу зантай байх аваас танд Өөрийнхөө Сүнсний бэлэг авъяасыг өгч, таныг өсгөх болно. Бурханыг мэддэг хэрнээ санаатайгаар Түүний эсрэг амьдрагчдын дотор ТЭРБЭЭР хэзээ ч Ариун Сүнсийг өгдөггүй юм.
Ариун Сүнс бидний зүрх сэтгэлд нутагласнаар, бид Тэнгэрийн Улсад мөнхөд амьдрах боломжтой. Тиймд зөвхөн Өөрийнх нь дотор байгчдад мөнхийн амралт руу орох зөвшөөрлийг Тэрбээр олгох болно. Бурхан биднийг зөвхөн сайн ажил үйлсээр бус, биднийг Түүний хүүхэд мөн гэсэн магтаалын сайхан үгсээр бус, харин биднийг Ариун Сүнсэнд даатган, Түүгээр дамжуулан Өөртөө хүлээж авах боломжтой болдог.
“Мөн Сүнс болон сүйт бүсгүй, ‘Ирээрэй’ хэмээн хэлж байна. Мөн үүнийг сонссон нь, ‘Ирээрэй’ гэж хэлэг. Цангасан хэн боловч ирэг, мөн хэн хүснэ, тэр нь амийн усыг үнэгүйгээр аваг” (Илчлэлт 22:17).