Бурхан эхлээд дэлхий ертөнцийг бүтээж мөн Адам, Эва хоёрыг бүтээв. Дараа нь ТЭРБЭЭР Едений Цэцэрлэгийн дундуур тэр хоёртой хамт алхдаг, нөхөрлөлдөө их дуртай, сайхан байлаа. Адам, Эва хоёр гэнэн цайлган, цэвэр ариун байсан учир нүгэл болоод бузар муугийн талаар мэддэггүй байв. Бурхан Адам, Эва хоёрт дуулгавартай байх цорын ганц тушаал өгчээ. Тэд Бурханаас өгсөн тушаалын дагуу, сайн муугийн мэдлэг өгөх модны жимснээс огт иддэггүй байлаа. Энэ эхэн үеэс Бурхан хүн төрөлхтөнд сонголт хийх хүч чадлыг өгсөн бөгөөд ТЭРБЭЭР үүнийгээ хэзээ ч хүчингүй болгоогүй юм.
Сатан бол эрх мэдлээ алдсан хүчирхэг тэнгэрэлч бөгөөд Эваг хориотой модны жимснээс идэх хүслийг нь өдөөн хуурчээ. Тэрээр эмэгтэйд ямар нэгэн аюулт үр дагавар ирэхийг анхааруулж хэлэлгүй Бурханы үгийг үл хэрэгсэж, тэр модны жимснээс идвэл, бурханлаг мэдлэг өгөгдөнө хэмээн эмэгтэйг хууран мэхлэв. Тийнхүү Эва жимснээс идэх сонголтыг хийж, нөхөртөө идэхийг санал болгосонд Адам ч мөн идэж аюултай сонголтын алдааг хамтран үйлджээ.
Ямар ноцтой сонголт вэ! Тэдний гэнэн цайлган байдал үгүй болж буруутан болцгоосон байлаа. Тэд нүцгэн байсан ичгүүрээ олж мэдээд, өөрсөддөө удамбарын навчаар хормогч хийн биеэ халхалцгаав. Тэд Бурханаас айн, Түүний дуу хоолойг сонсоод нуугддаг болжээ. Энэ бол зовлонгийн зөвхөн эхлэл нь байлаа. Адам, Эва хоёр Едений Цэцэрлэгээс хөөгдөж, нүгэл болоод үхэлд харьяалагдах амьдрал руу шилжив. Тэр ч атугай тэдний хийсэн зүйлээс болж дэлхий хүртэл хараагдав.
Тэгээд тэд өөрсдийгөө бузар мууг үйлдэх хүсэлтэй болсон гэдгээ олж мэджээ. Тэдэнд өгөгдсөн, сайн мууг мэддэг мэдлэг нь тэднийг буруу зүйлс хийх, муу зүйлст өртөхөөс нь хамгаалж чадсангүй. Тиймээс Сүнсний үхэл нь хойч үеүдэд өвлөгдөх болов.
Бузар муугийн нөлөөлөл бидний эргэн тойронд байж, биднийг уруу татаж эхлэв. Бид өнөөгийн ертөнц дэлхийд бузар муу болгоныг бодож, түүнийгээ хэрэгжүүлэх гэж тэмцэлддэг болохыг олж мэдэв. Хүмүүс омог бардам, шуналтай, үргэлжийн жаргал цэнгэл, эрх мэдлийг хайх болсон. Тэд маш олон буруу сонголтуудыг хийж, түүнийхээ үр дагаврыг хүртэн, гуниг шаналалд унадаг байна. Нэг хүний буруу сонголт нь ихэнхдээ өөрийнх нь эргэн тойрны хүмүүсийг зовлонд унагадаг. Нүглийн үр дүн ямар аймшигтай хор хөнөөлтэй байна вэ!
Буруу сонголтуудаас болж олон гэр бүл аз жаргалгүй байдаг. Гэр бүл салалтанд ихэвчлэн хүүхдүүд хамгийн ихээр зовж шаналан, хохирогч болж үлддэг байна. Хүмүүсийн бузар муу зуршил нь улам гүнзгийрч, дур зоргоороо аашлах байдал нь даамжирсаар гэр бүлд нь нөлөөлдөг бөгөөд гэм зэмгүй хүүхдүүд энэхүү хор нөлөөлөл дор өсөн торниж, гэнэн нялх ухаандаа үүнийг жирийн зүйл мэт хүлээн авч өөрсдийнхөө нялх балчир оюун санааг гэмтээж, ялзралд унаж байдаг юм. Энэхүү мөчлөгийг хэрхэн зогсоох боломжтой вэ?
Найдвар бий! Бурхан Өөрийн энэрэл дотор, Адам ба Эва руу ирж тэднийг аймшигт нүгэлд хутгалдан холбогдсоныг тодорхой илчилж зэмэлсэн хэдий ч ТЭРБЭЭР тэднээр дамжуулан Аврагчийг илгээх амлалтыг өгсөн юм.
Тиймээс олон жилийн дараа Бурханы өгсөн амлалтын дагуу, Есүс Христ энэ дэлхийд мэндэлсэн юм. ТЭРБЭЭР үнэний замыг заасан бөгөөд ТҮҮНИЙ энэхүү ирэлт нь бидний сүнслэг амьдралыг дахин сэргээж, бид Есүс Христтэй хамт тэрхүү амьдралын нигүүлсэл дотор илүү ихээр бялхах болсон юм (Иохан 10:10). Энэ шинэ амьдралыг хүлээн авахын тулд бид өөрчлөгдөх ёстой. Есүс хэлэхдээ, “Үнэнээр Би та нарт хэлье, ‘хэрэв та нар өөрчлөгдөн, бяцхан хүүхдүүдтэй адил болохгүй л бол Тэнгэрийн Хаанчлалд орохгүй” (Матай 18:3) гэжээ.
Адам, Эвагийн адил, бидний гэм нүглүүд, бидэнд ичгэвтэр байдал болон айдас, буруутгалыг авчирсан. Тиймээс Есүс, биднийг өөрсдийн нүглээ улайж гэмшихийг үргэлж дуудаж байдаг. Энэ нь биднийг хийсэн гэм нүглүүддээ гэмшиж, уучлалыг гуйх нь түүнийг бүр мөсөн хаях хүсэлтэйг чинь асуух гэсэн утгатай юм. Хэрэв бид Есүсийн үгийг дагаад ТҮҮН рүү эргэвэл, ТЭРБЭЭР бидний нүглийг зайлуулж, уучлал, өршөөлийг гардуулан өгч ӨӨРИЙН нигүүлсэлдээ авах болно. Мөн биднийг аврах Түүний авралын хүч чадалд итгэвэл, бидэнд өдөр тутмын нигүүлсэлийг өгдөг. Тиймээс бид Түүний Сүнсийг хүлээн авсны адил Түүний Үгэнд дуулгавартай алхах хэрэгтэй. Бурханаас ирсэн Ариун Сүнс биднийг дүүргэвэл, гэм нүглийг даван туулах хүч чадал бидэнд өгөгддөг. Эфэс 2:8-д бичигдсэний дагуу “Учир нь бид итгэлээр дамжуулан нигүүлсэлээр аврагдсан; энэ нь та нараас биш, харин Бурханы бэлэг ...” гэжээ.
Мөн Иохан 1:12-д “Түүнийг хүлээн авсан болгон, тэрч байтугай, Түүний нэрэнд итгэсэн хүн бүрт, Бурханы |хүүхэд| болох эрхийг Тэрбээр тэдэнд өгөв; ” хэмээн заасан байна.
Христэд итгэгчид, Бурхан тэдэнд халамж анхаарал тавьж амьдралд хэрэгцээтэй зүйлсээр хангадаг гэдэгт итгэдэг. Бурханд итгэгч хэн ч бай Ариун Сүнсний дуу хоолойг сонсдог бөгөөд Ариун Сүнс тэднийг зөв үйлс хийхэд нь сайнаар ханган, чиглүүлэн өгч, харин буруу зүйлс хийвэл нь тэднийг зэмлэж буруу замаар явахгүйг анхааруулдаг. Мөн Бурханд итгэж найдахыг суралцуулахын тулд тэдэнд сорилт, уруу таталт болон бусад бэрхшээлүүдийг үе үе өгч, даван туулах хүч чадлыг ч өгдөг. Ялалт бүр нь итгэгч хүмүүсийн итгэлийг улам хүчирхэгжүүлдэг. Бурханы өдөр бүрийн нигүүлсэлд өөрийгөө даатгах үед тэрээр ялалтыг үргэлж олж авдаг байна.
Гэм нүгэл бол Христэд итгэгч хүмүүсийг Бурханаас холдуулдаг хамгийн аюултай хаалт гэдгийг ухамсарлан ойлгох хэрэгтэй. Тийм учраас тэрээр бузар муу нөхөрлөлд дахин оролцож нэгдэхээ больж, мөн бурханлаг бус үйл ажиллагаанаас өөрийгөө татан авч хол байхыг хүсэх нь чухал. Бурхан түүнээс Өөрийн хууль, дэг журмыг хэрэгжүүлэн амьдрахыг хүчлэн шаарддаггүй боловч Христэд итгэгч нь өөрөө ертөнцийн бузар муу бүхнээс салангид амьдрахыг сонгох ёстой.
Тиймээс Бурхан түүнээс гэм нүглийн буруутгалыг холдон зайлуулахад христитгэгч нь ТҮҮНИЙ амар тайван, нигүүлсэл дотор амьдардаг. Мөн Бурханы хайр болон уучлал дотор өөрөө өөртөө итгэл дүүрэн байж, өөрийн хүнд ачаа, дарамт, зовнилуудаа Бурханд залбирал болгон өргөдөг. Энэ нь ямар нэгэн айдас, түгшүүр зовнилгүйгээр амьдрах боломжийг бий болгодог. Тэрбээр өдөр бүр Есүстэй хамт алхаж жинхэнэ аз жаргал, бүрэн дүүрэн байдлыг олно. Гэм нүглийг хэдий чинээ зориудаар үйлдэхийг санаархахгүй байна, тэрбээр төдий чинээ Бурхантай хамт амартайван байдал дотор үлдэх болно. Христ дотор жинхэнэ итгэгч нь өөрийн итгэл болоод Бурханд өгөх найдварынхаа талаар хуваалцдаг анд нөхөд, хэсэг бүлэг хүмүүсийн нөхөрлөлийг хайдаг. Тэд хамтдаа Христэд итгэгч байхын ач холбогдол болоод өөрсдийн амьдралын талаар хуваалцан ярилцаж, баяр хөөрийг ЭЗЭНээс авдаг байна. Тэд нэг нэгэндээ Бурханаас ирсэн ивээл ерөөл, бузар муутай тэмцсэний дараа олсон хүч чадлын тухай хуваалцаж байвал, өөрсдийнх нь ачаа дарамтууд нь хөнгөн болж, ялалтын төлөөх шинэ хүч чадлыг олж авах болно.
Та өөрийн амьдралыг Есүст Христэд даатгах уу? Бурханы энэрэл, нигүүлсэл нь гэмшиж, итгэсэн хэн бүхэнд ирэх боломжтой байдаг. Та өөрийн амьдралынхаа өнгөрсөн, одоо, ирээдүйг Түүнд даатга. Гүйцэтгэхэд хүнд бэрх биш ээ, Есүс Христэд чин зүрхний гэмшил болоод итгэлээ өргөвөл амартайван, жихэнэ баяр хөөр, Бурханы энэрэл, нигүүлсэл амьдралд тань нээлттэй болох болно. Өөрийн зүрх сэтгэлээ өнөөдөр Түүнд өгөөрэй.