Эмэгтэй хүнд зориулсан гайхамшигтай төлөвлөгөө Бурханд байдаг. Энэхүү төлөвлөгөө нь Бурханыг дуулгавартай дагаснаар дэг журамтайгаар хэрэгжиж эхэлдэг байна. Бурханы төлөвлөгөөнд эрэгтэй эмэгтэй хүмүүс Түүний өмнө эн тэнцүү байдаг хэдий ч тус тусдаа, өөр өөрийн үүрэг, хариуцлагатай байдаг төдийгүй хамтдаа нэгэн барилдлагатай байдаг. ТЭРБЭЭР Өөрийн мэргэн ухаан, нигүүлсэл дотор эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн үүргийг онцгойгоор бүтээсэн юм. Бурхан бүтээлийнхээ үед Адамыг гүн нойронд автуулан түүний хавирганаас нэгийг авч, эмэгтэй хүнийг бүтээсэн юм (Эхлэл 2:21-22). Эмэгтэй хүн нь Бурханы гараас шууд ирсэн бэлэг бөгөөд эрэгтэй хүнээс бий болж, эрэгтэй хүний төлөө бүтээгдсэн юм (1Коринт 11:9). Мөн Эхлэл номын 1:27-д өгүүлсэнчлэн: “...Бурхан, Өөрийн дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв” гэжээ. Гэвч хүн нэг бүр өөр өөрийн дүр төрхтэй бүтээгдсэн хэдий ч тэднийг бие биедээ төгс зохицож байхаар бүтээсэн юм. Хэдийгээр эмэгтэй хүн “... илүү сул дорой сав, ...” (1Петр 3:7) хэмээн тооцогддог боловч энэ нь түүнийг дорд нэгэн болгосон гэсэн үг биш юм. Эмэгтэй хүн нь амьдралын зорилготой бүтээгдсэн бөгөөд тэрхүү зорилгыг зөвхөн эмэгтэй хүн өөрөө л гүйцэлдүүлж чадна.
Дэлхий дээрх хамгийн агуу эрх мэдэл эмэгтэй хүнд өгөгдсөн байдаг. Тэр бол амьд сүнс сэтгэлийг өсгөн хүмүүжүүлж, төлөвшүүлэгч юм. Ялангуяа эх хүний нөлөө, хүрээлэл нь өөрийн хүүхдүүдийг үнэний зам буюу мөнхийн зорих замаар явахад нь нөлөөлдөг. Ева өөрийн дуулгаваргүй үйлдэлээс болж дэлхийд зэмлэл буруутгалыг авчирсан боловч Бурхан авралынхаа төлөвлөгөөнд эмэгтэй хүнийг үнэ цэнэтэй нэгэн хэмээн үздэг (Эхлэл 3:15).
“Харин цаг нь бүрэн ирэх үед, Бурхан Өөрийн Хүүгээ илгээсэн нь ТЭРБЭЭР, хуулийн дагуу эмэгтэй хүнээс төрсөн” (Галат 4:4). Бурхан түүнд Өөрийн хайртай Хүүг тээж, хамгаалах үүргийг даатгасан учраас эмэгтэй хүний үүрэг ялихгүй зүйл биш болохыг эндээс харах хэрэгтэй!
Хүйс хоорондын ялгааг Библиэр дамжуулан зааж өгсөн байдаг. Хэрэв эрэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд гутамшиг байдаг бол, эмэгтэй хүн урт үстэй байвал энэ нь түүнд алдар нь болдог байна (1Коринт 11:14-15). Харин хувцаслалтын талаар хуульчилж өгөхдөө “Эмэгтэй нь эрэгтэй хүнд хамааралтай хувцсыг бүү өмс. Эрэгтэй нь ч эмэгтэй хүний хувцсыг бүү өмс; учир нь эдгээрийг үйлдсэн хүн бүр чиний Бурхан ЭЗЭНий өмнө жигшүүртэй байх болно” (Дэд Хууль 22:5) гэжээ. Энэ нь тэдний үүрэг, зорилго юм бол нэг нэгнийгээ төлөөлөн орлох боломжгүйг харуулж байна.
Бурхан, Адамд хандан, “Хүн ганцаараа байх нь сайн биш; ...” гэж хэлээд, түүнд дотнын туслагч, сайн хань болох хэн нэгэн хэрэгтэй хэмээн үзэж, эмэгтэй хүнийг бүтээжээ (Эхлэл 2:18). Библийн Сургаалт Үгс номын 31:10-31-д дотны туслагч болох эмэгтэй хүн нь “...мууг бус, зөвхөн сайныг л үйлддэг” гэсний дагуу эр нөхөртөө хандах хандлага болон түүнд дэмжлэг туслалцааг үзүүлдэг, гэр бүлдээ халамжтай, төгс төгөлдөр эмэгтэйн дүр төрхийг тодорхой харуулсан байна. Тийм ч учраас түүний шударга, төлөв байдал, даруу зан, ариун үйлсийнх нь улмаас: “Нөхөр нь түүнд бүх зүрхээрээ итгэдэг ...” гэжээ. Эмэгтэй хүн өөрийн гэр орноо тордох, үр хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэх байдал нь өөрийнх нь сайн сайхан болоод бүтээлч, хичээнгүй зан чанарыг нь харуулдаг. Сургаалт Үгс 31:30-д бичигдсэнээр “ЭЗЭНээс эмээгч эмэгтэй” нь бусдаас давуу үндэс сайтай, бат бөх сууртай болохыг харах болно. ЭЗЭН-ээс ‘эмээгч эмэгтэй’-н сайн чанар нь Бурханыг хүндэтгэдэг, хайр ба ерөөлийн хүндэтгэлийг бий болгодог. Тэр нь түүний амьдралынх нь утга учир, давуу тал, зорилго нь болдог тул Бурхан түүнд ирээдүйнх нь алсын харааг өгдөг. Тиймээс түүний зүрхэнд оршигч ЭЗЭН түүнийг ямар эмэгтэй байх ёстой, тэр л байр сууринд нь байлгадаг.
Бурханы хүүхэд болохын тулд эмэгтэй хүн өөрийн бүх гэм нүглээ улайн гэмшиж, итгэлтэйгээр Христийг хүлээн авах хэрэгтэй. Ингэснээр тэрээр Христтэй хамт, өөрийгөө босгон байгуулах, биеэ захирах, Библийг судлах, шинэ амьдралаар амьдрах боломжтой болно. Түүнийг үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлэхэд Ариун Сүнс тусалж, хүч чадал, урам зоригийг өгч, урагшлах зүг чигийг нь зааж өгнө. Бурхан түүний амьдралыг шинэчлэхдээ эгэл даруу байдалд дотор, дотоод ертөнцийг нь онцгой өөрчлөгдөхийг чухалчилдаг. Үүнд: “...Нууцлаг зүрхтэй хүн нь чимээгүй болон даруу, эвдэрээгүй үзэсгэлэнтэй сүнстэй байдаг бөгөөд Бурханы мэлмийд үнэт эрдэнэ юм” (1Петр 3:3,4) гэжээ.Үнэндээ төлөв даруу байдлын хувцаслалт нь эмэгтэй хүний сэтгэл булаам нууцлаг байдлын илэрхийлэл болдог. Тиймд хэтрүүлэн хувцасласан биеэрээ бусдын анхаарлыг татах гэж хэзээ ч бүү оролд.
Дэг журам тогтоох, будлианыг зохицуулж байхын тулд Бурхан, гэр бүлийн гишүүдээс хэн нэгнийг нь тэргүүн байх шаардлагатай хэмээн үзээд, тэр нь эрэгтэй хүн байх хэрэгтэй хэмээн зарлигдсан юм (1Коринт 11:3).