Бурхан байдаг болов уу? Энэ гариг эрхэс, ертөнцийг Удирдагч эсвэл Хамгийн дээд нэгэн байдаг болов уу? Үүнийг хаанаас олж мэдэж болох вэ? Би энэ талаар тодорхой ойлголттой болж чадах болов уу? Энэ асуултын хариу нь маш чухал ач холбогдолтой. Учир нь хэрвээ Бурхан байдаг юм бол, Түүнийг би үл ойшоовол гарах үр дагавар нь юу болох бол?
Тэгвэл бидэнд өөрсдийгөө сорьсон хэд хэдэн асуултууд болон зохистой хариултууд урган гарч ирнэ. Би яагаад энд оршин байна вэ? Би эхээс мэндлэхээс өмнө хаана байгаад, хаанаас ирсэн юм бэ? Үхлийн дараагаар юу болох бол? Миний амьдралын зорилго юу вэ? Миний оршин амьдарч байгаад ямар нэгэн зорилго шалтгаантай байна уу? гэх мэт асуултууд, бодлууд аяндаа урган гарч ирдэг.
Эрт дээр үеэс олон зуун жилүүдийн турш хүмүүс өөрсдөөсөө агуу, дийлдэшгүй хэн нэгнийг эсвэл ямар нэгэн зүйлийг эрэн хайж түүнийг шүтэн биширч, магтан алдаршуулж байсаар ирсэн. Эртний соёл заншилд нарны бурхад, сарны бурхад, аянгын бурхад гэх мэт маш олон өөр бусад бурхдуудыг шүтэн мөргөж байлаа. Бидний өвөг дээдэс гэхэд Тэнгэр Бурхан болон хөх тэнгэр, бөө мөргөлийг шүтэн бишэрч ирэв. Европчууд өнөөгийн Америкийн Нэгдсэн Улсыг нээн илрүүлж байх үед нутгийн уугуул Америк хүмүүс нь Агуу Сүнс хэмээн нэрлэсэн зүйлийг шүтэн мөргөдөг байжээ. Эртний Еврей үндэстэн нь дэлхий, ертөнцийг Бүтээгч болох Явэг магтан алдаршуулдаг байв. Энэ нь хүн төрөлхтөн өөр өөрсдийнхөө дотор илүү хүчирхэг ямар нэгэн зүйлтэй холбоотой байхыг хүсдэг нь тодорхой юм.
Тэгвэл нөгөө талаас байгалийн зохицолдол болон тэнцвэртэй байдлын талаар хэрхэн тайлбарлах вэ? Эх газар дээр байдаг болоод усан дотор байдаг амьтдын хоол хүнсний талаар төгсгөлгүй сүлжээг анхааран бодоод үзээрэй. Нэг амьтан гэхэд л өөр нэг амьтны хоол хүнс болдог бөгөөд энэ нь нэг нэгнийгээ хооллох сүлжээнд эргэлдэж байдаг. Энэхүү тойрог амьдрал нь үргэлжлэн, үргэлжилсээр байдаг ба тэнд өнөөг хүртэл хэн нэгэнд зориулагдсан хүнс үргэлж байдаг билээ.
Та бодоод үзээрэй, зэрлэг шувуудын тархинд хэн нэгэн нь хуанли суулгаж өгсөн юм шиг тэд хэзээ, хашаа, аль цагт, дулаан цаг агаартай газар руу нүүдэллэн нисэхээ хэрхэн урьдчилан мэддэг вэ? Тэд хэдэн мянган бээрийн цаана байгаа газарт хаврын улирал ирж байна гэдгийг хэрхэн яаж мэддэг вэ? Хэн нэгэн энэ бол тэдний төрөлхийн зөн совин, чадвар нь гэж тайлбарлан хэлэх байх л даа. Энэ нь ч бас үнэний ортой, гэхдээ хэн тэдэнд тэрхүү төрөлхийн зөн совинг суулгаж өгсөн бэ? Дахиад нэгэн жишээ.
Далайд байгаа олон төрлийн загаснуудын аль нэгийг нь авч үзье. Яргай загас; түүний тархинд амьдрах орчин, явах газрынх нь зургийг хэн суулгаж өгөв. Тэд өөрсдийн далай, тэнгисийг орхин явж, амьдрал эхэлж буй гол мөрөн эсвэл ширүүн урсгалт голыг олоод, хойч үеэ үлдээх амьдралыг яаж сонгож олдог вэ? Тэнд эдгээр загаснууд өндөгнүүдээ төрүүлж, удалгүй тэндээ үхэж, өөрсдийн үр удамдаа цаашид амьдрах мөчлөгт нь өөрсдийн байр сууриа тавьж өгдөг бөгөөд тэдний өвөг дээдэс нь хэрхэн амьдарч ирсэн яг л тэр мөчлөгийг даган амьдардаг. Та энэ бүхнийг ердөө тохиолдлоор эсвэл азаар болдог гэж бодож байна уу?
Энэ ертөнц дэлхий маш сайн зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн эргэлдэх тоогоор цаг хугацаа нь тогтоогдож бусад олон төрлийн одод, гаригуудын хөдөлгөөнүүдээр цаг хугацаа ээлжлэн солигддог гэдгийг бид маш сайн мэднэ. Тиймээс эдгээр гариг эрхэс, биетүүдийн хөдөлгөөнүүд нь нарийн эмх цэгцтэй, тодорхойлогдсон байдаг учраас нар, сарны хиртэлтүүд, сүүлт оддын зам гэх мэт зүйлсийг урьдаас нарийвчлан мэдэх боломжтой юм.
Тэгвэл хэн, эсвэл юу энэ дэлхий ертөнцийн нарийн тодорхой хэмнэлийг хөдөлгөөнд оруулж, тохируулан тавьсан байна вэ? Тохиромжгүй орчинтой гариг эрхэсүүдийн дунд зөвхөн энэ дэлхий ганцаараа ургамал болон амьтдын амьдралд шаардлагатай зүй зохицол бүхий байгалийн хүчин байдаг нь зөвхөн аз завшаанаар тохиолдсон гэж та бодож байна уу? Эсвэл байгаль өөрөө зохицуулдаг гэж бодож байна уу?
Харин энэ бүхэнд нэг гайхамшигт төлөвлөгөө байсан байх ёстой!
Энэ ертөнц дэлхийд зориулсан, байгальд зориулсан, бидний бие мах бодид болон бидний дотоод хүний хэрэгцээнд зориулсан гайхамшигт төлөвлөгөө тэнгэрийн улсын агуу Бурханы шийдвэрээр дэс дараалалтайгаар зүй зохистой бүтээгджээ. Ямар ч эгэл жирийн хүн өнгөрсөнд ч, одоо ч төрөх цагаасаа эхлэн Бурхан шиг агуу хүч чадалтай байгаагүй. Түүний төлөвлөгөөний нарийн тодорхой, дэлгэрэнгүй байдал нь бидэнд; ТЭРБЭЭР хүнийг маш ихээр хайрлаж, хүнийг аз жаргалтай байлгахыг юу юунаас илүүд үздэгийг бүтээлүүдийнх нь зориулалт зохицуулалтаас нь харагдах боломжтой.
Итгэл гэдэг бол бидний харж чаддахгүй, барьж болдогггүй ямар нэгэн зүйлд итгэхийг хэлнэ. Бид Бурханыг харж чаддаггүй хэдий ч Түүний оршин байгаа нь бидэнд мэдэгдэж, бас зааж харуулж, илчлэгдэж байдаг маш олон зүйлс бидний эргэн тойронд болж байдгийг харж мэдэрдэг байна. Бурхан биднийг Түүнийг харж чадахгүй байхаар төлөвлөсөн бөгөөд харин үүнээс илүүтэйгээр Түүнийг гэрчлэх, тодорхой нотлох баримтуудаар Өөрийн оршин буйг биднээр хүлээн зөвшөөрүүлэхийг хүсдэг.
Бурхан байдаг гэдэгт итгэдэг хамгийн бодиттой нотолгоонуудын нэг бол хүн та өөрөө Бурханыг найдвартай таньдаг болж эхэлснээс тухайн хүний амьдралд гарч ирэх өөрчлөлт юм. Араатан шиг ааш авиртай байсан нэгэн нь хонь хурга мэт дөлгөөн болж, хэн нэгний сэтгэлд үзэн ядалт дүүрэн байсан бол тэр нь хайр болон өөрчлөгддөг. Хэн нэгний амьдралд хэрүүл тэмцэл их байсан бол тэнд амар тайван бий болж, хэн нэгний дотор үймээн самуунтай байгаа мэт тухгүй байсан бол тэнд анир чимээгүй амралт ирдэг. Хэн нэгэнд дуусашгүй мэт олон асуултууд байсан бол тэр хүн хангалттай баталгаануудыг авдаг. Тэрбээр хамгийн амин хувиа хичээсэн нэгнийг ч бусдын төлөө үргэлж анхаарал халамж тавьдаг нэгэн болгож өөрчилдөг.
Хүндэт уншигч минь ээ, та анхааран сонс! Таны дотор хэзээ ч амрахгүй, амартайван үгүй мэт сэтгэгдэл төрөх эсвэл ямар нэгэн зүйлийг маш ихээр мөрөөдөн тэмүүлж байгаа атлаа чухам яг юуг тэгтлээ ихэд хүсэн мөрөөддөг болохоо мэдэхгүй үеүд байсан уу? Тийм бол та тэрхүү хүслээ битгий унтрааж эсвэл нуун дарагдуулаарай. Энэ бол таны сүнс Бурханыг хайж байгаагийн илрэл юм. Энэ ертөнц дэлхийг бүтээсэн Бурхан өнөөдөр таны ч Бурхан байж чадна. Хэрэв танд итгэл найдвар байгаад, тэнгэрийн Бурханд итгэвэл, таны амьдрал мөн өөрчлөгдөх боломжтой. Амьдралын бэрхшээлтэй нөхцөл байдлуудад дургүйцэн амьдрахын оронд таныг харж байдаг, таныг сонсдог мөн танд халамж анхаарал тавьдаг Бурханыг таньж, Түүнд итгэвэл Бурханаас танд амар тайван ирнэ.
Бурхан Өөрийгөө, Өөрийн Үгээрээ дамжуулан илчилдэг бөгөөд тэр Үг нь Библи юм. Библи бол түүх, хууль, яруу найраг болоод ирээдүйн талаарх зөгнөл болоод амьдралын сургаалиуд юм. Мөн Библид биднийг хайрласан Бурханы хайр бас бидний дотоод сэтгэлийн хэрэгцээ мөн явах зам, зүг чигийг зааж өгдөг билээ. Та Библийг уншиж үзээрэй. Эхлэл 1, 1; Иохан 1, 1-5 гэсэн ишлэлүүдийг уншиж эхлээрэй. Мөн Дуулал 23, 51 дугаар бүлгүүдийг уншаарай. Тэгээд Бурханд хандан залбираарай. Тэрбээр таныг үргэлж сонсох болно. Учир нь Тэрбээр амласан бөгөөд Өөрийн амлалтандаа итгэмжит гэдгийг нь та ямагт санаарай.