Ариун Библид: “Мөн би үхэгсдийг аугаа их болон өчүүхэн нэгэн байсан тэднийг Бурханы өмнө зогсож байхыг харав, мөн номууд дэлгээстэй байсан бөгөөд; өөр нэгэн ном ч дэлгээстэй байсан ба тэр нь амийн ном байв. Үхэгсэд номуудад бичигдсэн тэдгээр үйлсээр, өөрсдийн хийсэн үйл хэргийн дагуу шүүгдэж байлаа.” (Илчлэлт 20:12) хэмээн бичигдсэнийг бид уншдаг.
Энэ бол Бурхан бидний тухай бичлэгийг хадгалж байдаг гэсэн нотолгоо юм.
Америкийн Нэгдсэн Улсын Мериландад амьдардаг Иошуа Харрис хэмээх нэгэн залуу эр Пуэрто Рикод аялж байлаа. Нэгэн шөнө тэрээр зүүд зүүдэлжээ. Бурхан түүнд Өөрт нь итгэх итгэлээ алдсан байх үед нь дахин нотолгоо болох зүүдийг өгсөн гэдгийг мэдэрчээ. Тэр зүүд нь хүний амьдрал Есүс Христ болон Түүний цусны хүч чадлаар өөрчлөгддөг гэдгийг дахин сануулсан явдал байв. Тиймээс бид энэхүү болсон явдлын талаар тантай хуваалцахыг хүссэн юм.
(Өрөө)
“Сэрвэлзэх зүүдлэхийн дунд би өөрийгөө нэг өрөөнд байгаагаа олж мэдэв. Тэнд ялгарахын аргагүй олон ханануудаас нэгэн ханаар бяцхан картуудыг дүүрэн жагсаан байрлуулсан нь онцгойрч байлаа. Тэдгээр картууд нь яг л номын сангийн картууд шиг зохиогчийн бичсэн гарчигуудыг жагсаасан эсвэл цагаан толгойн дарааллаар өрсөн сэдвүүд байв. Тэдгээр хавтсууд нь шалнаас тааз хүртэл сунан тогтсон, тэр ч бүү хэл аль аль чиглэлд төгсгөлгүй үргэлжилсэн байх ба гарчигууд нь өөр өөр байлаа. Би тэрхүү хавтастай хана руу өөрийн мэдэлгүй ойртон очиход, миний хамгийн анхны анхаарлыг татаж уншсан сэдэв бол ‘Надад таалагддаг байсан охидууд’ гэсэн гарчиг бүхий хавтас байв. Би хавтасыг нээж бяцхан картуудыг нэг нэгээр нь гүйлгэн харж эхлэв. Гэвч би маш хурдан буцаан хаалаа, тэр үед би тус бүрт хүмүүсийн нэрс бичигдсэн байхыг олж мэдээд үнэхээр цочирдсон юм.
Хэнээр ч хэлүүлэх хэрэггүйгээр миний нэр яг хаана байгааг би маш сайн мэдэж байв. Энэхүү амьгүй, бяцхан хавтаснуудтай өрөөнд миний амьдралын тухай тоймлосон жагсаалтын систем байлаа. Үүнд миний туулж өнгөрүүлсэн том болон жижиг үйл явдлууд, заримыг нь би өөрөө ч санахгүй дурсамжуудыг хором агшин бүрийг нэг бүрчлэн үйл хөдлөлтэй минь хамт бичсэн байв.
Дурын хавтасуудыг нээж, дотор нь буй гарчигуудыг уншиж байх үед миний дотор гайхшрал болон сонирхол төрөхийн хамт, айдастай нийлэн холилдон хутгалдаж байлаа. Зарим нь баяр хөөр, хайр хүргэм дурсамжуудыг сануулж байсан бол; зарим нь хэн нэгэн миний араас харж байх вий хэмээн, эргэж харах хүртэл санаа зовмоор ичгэвэртэй бас харамсмаар мөчүүдийн тухай байв. ‘Найзууд’ хэмээн нэрлэгдсэн хавтасны хажууд, ‘Би Найзуудаасаа Урвасан нь’ гэж тэмдэглэгдсэн хавтас мөн байв.
Гарчигууд нь эгэл жирийн сэдвүүдээс эхлээд үнэхээрийн хачин жигтэй сэдэв хүртэл жагсаасан нь: ‘Миний Уншсан Номнууд,’ ‘Миний Худал Ярьсан Зүйлс,’ ‘Хүмүүсийг Би Тайвшруулсан,’ ‘Миний Инээсэн Онигоонууд’ гэх зэрэг байлаа. Зарим нь маш хөгжилтэй: ‘Дүү рүүгээ Хашгичсан Мөчүүд’ гэж байсан бол, заримд нь би инээх ч боломжгүй ‘Аав, ээжийнхээ Эсрэг Миний Амандаа Бувтнасан Үгс’ гэсэн гарчиг байлаа. Гарчигуудыг хараад миний гайхшрал огт дуусаагүй юм. Зарим хэсэгт тэнд миний төсөөлж байснаас илүү их картууд байсан бол заримд нь миний найдаж байснаас бага картууд байв.
Би амьдарсан амьдралынхаа тухай асар их боть хавтаснуудад дарагдчихаад байлаа. Ердөө хорин хэдхэн жилд мянга мянган, магадгүй сая сая картуудтай байж болно гэж үү? Гэхдээ карт бүр үнэнээр баталгаажуулагдсан байв. Тус бүр нь миний гараар бичигдэж, миний гарын үсэг зурагджээ.
Нэг хавтасыг сугалан гаргахад, ‘Миний Сонссон Дуунууд’ хэмээн тэмдэглэгдсэн олон төрлийн дуунууд байгаагаас хамааран хавтаст хадгалах гэж нилээн зузаарсан байгааг олж мэдэв. Картууд нь чангаар багцлагдсан байсан төдийгүй хоёр, гурван алд алдаар үргэлжилж би хавтасны төгсгөлийг ч олж харсангүй. Би хавтасаа хаангаа ичиж, ямар ч чанартай дуу хөгжим байгаагүй тэрхүү хавтас харин намайг цагаа дэмий үрсэнийг илтгэж байлаа.
Би ‘Дур Тачаалтай Бодлууд’ гэж тэмдэглэгдсэн хавтаст ирээд хамаг бие минь хүйт даах шиг болов. Би хавтасны хэмжээг шалгаж үзэх хүсэлгүйгээр зугуухан татаж картыг гаргалаа. Картанд буй дэлгэрэнгүй бичвэрийг хараад би дагжин чичирч байв. Ийм мөчүүд хүртэл бичигдэн үлдсэн байгааг хараад, бодохоос ч дотор минь муухайрч байлаа.
Гэнэт би бараг л араатан амьтан мэт уурлаж эхлэв. ‘Хэн ч эдгээр картуудыг харах ёсгүй! Би эднийг устгах ёстой!’ гэсэн бодол намайг эзэмдлээ. Солиотой мэт ухаангүй үйлдэл гарган хавтсыг тасдаж эхлэв. Одоо надад хавтасны хэмжээ хамаагүй, хавтсыг хоосолж, бүх картуудыг шатаах хэрэгтэй гэсэн бодол төрөв. Тийнхүү би хамгийн адагт байсан хавтасыг сугалж аван газарт бутлахыг оролдон цохивч, нэг ч картыг байрнаас нь хөдөлгөж чадсангүй. Би бүр цөхрөнгөө барж, нэг карт гарган урахыг оролдох үед карт яг л ган төмөр мэт бат бөх болохыг мэдрэв.
Энэ үед би ялагдаж, бүр мөсөн бууж өгөөд, хавтасыг байсан газарт нь буцаан байрлууллаа. Духаараа хана түшин, өөрийгөө өрөвдөн уртаас урт санаа алдав. Тэгтэл би намайг үнэхээр гуниглуулсан нэгэн гарчиг байхыг олж харлаа, тэнд ‘Миний Сайн Мэдээ Хуваалцсан Хүмүүс’ гэсэн сэдэв байв. Татаж гаргах бариул нь эргэн тойронд нь буй хавтаснуудаасаа илүү тод гэрэлтэж, хамгийн шинээрээ бараг л хэрэглэгдээгүй байдалтай байлаа. Намайг бариулаас нь татан гаргахад миний гар дээр есөн сентиметрээс уртгүй бяцхан хайрцаг унан ирэв. Миний ганц гарт багтаж байсан тул картуудыг нь тоолоход ч маш хялбар байв.
Удалгүй өөрийн эрхгүй нулимс урсан, би асгаран уйлж эхлэв. Ходоодоос минь өвдөж эхлэх мэт тэрхүү уйлах мэгшилт маань их гүн гүнзгий, намайг салгануулан, чичрүүлж байлаа. Би өвдөг дээрээ сөхрөн унаад, уйлав. Бүх харсан зүйлээсээ ичсэндээ би цурхиран уйллаа. Нулимс дүүрэн нүдэнд минь эгнүүлэн байрлуулсан тавиур дүүрэн хавтаснууд эргэлдэн байв. Хэн ч энэ өрөөг хэзээ ч, бүр хэзээ ч, мэдэх ёсгүй. Би заавал түгжээд, түлхүүрийг нь нуух ёстой.
Тийнхүү нулимсаа арчих үед, би Түүнийг олж харлаа. Үгүй ээ, Тэр л биш шүү. Энэ өрөөнд л биш. Өөр хэн ч байж болно, харин Есүс л биш.
Гэвч, Тэрбээр хавтасуудыг нээж, картуудыг уншиж эхлэхийг харахаас өөр би юу ч хийж чадахгүй байв. Түүний хариу үйлдлийг харж тэсэхгүй байлаа. Хэсэг хугацааны дараа би Түүний царай руу харах чадалтай болоход Түүний царай минийхээс ч илүү гунигт автсан байхыг харав. Тэрбээр яг л хамгийн муу хайрцагууд руу зөн совингоороо очиж байгаа мэт санагдлаа. Тэрбээр яагаад тэр бүгдийг нэг бүрчлэн унших хэрэгтэй гэж?
Эцэст нь Тэрбээр өрөөний эсрэг талд байсан над руу эргэн харлаа. Тэрбээр нүдэндээ өрөвдөлтэйгөөр над руу харж байв. Түүний өрөвдсөн харц миний дургүйг хүргэсэнгүй. Харин би толгойгоо гудайлган гараараа нүүрээ даран, дахин уйлж эхлэв. Тэрбээр над руу алхаж ирээд, Өөрийн гараараа намайг тэвэрлээ. Тэрбээр маш олон зүйлсийг хэлж болох байсан боловч би нэг ч үг хэлсэнгүй. Тэрбээр зүгээр л надтай хамт уйлсан юм.
Тэгээд Тэрбээр босч, хавтаснуудтай хана руу буцан алхлаа. Өрөөний төгсгөл хэсгээс эхлэн, хавтасыг нэг нэгээр нь татан гаргаад, картан дээр байсан миний нэрний дээр Өөрийн нэрийг бичиж эхлэхэд, би ‘үгүй ээ!’ гэж хашхиран, Түүн рүү сандран очив.
Миний цорын ганц хэлж байсан үгс, ‘Үгүй ээ, үгүй’ гэж би Түүнээс картуудаа булаан авав. Түүний нэр эдгээр картуудын дээр байх ёсгүй. Гэвч аль хэдийн маш өтгөн, маш гүн улаан, амьд өнгөөр Түүний нэр бичигдсэн байлаа. Есүсийн нэр миний нэрийг дарсан байв. Гарын үсэг нь Түүний цусаар бичигджээ.
Тэрбээр картыг аяарханаар буцаан аваад, гунигтайгаар инээмсэглэснээ үргэлжлүүлэн картууд дээр гарын үсгээ зурав. Би Түүнийг хэрхэн тийм хурдан нэрээ бичиж дуусгаад, хамгийн сүүлчийн хавтасыг хаах чимээ сонсогдох тэрхэн агшинд, эргээд миний дэргэд алхан ирсэнийг хэзээ ч ойлгохгүй байх. Тэрбээр миний мөрөн дээр гараа тавиад, ‘Энэ бүхэн дууссан’ хэмээн хэлэв.
Би босч, Тэрбээр намайг өрөөнөөс авч гарав. Хаалганд нь ямар ч цоож байсангүй. Харин картууд бичигдсэн хэвээр үлдсэн юм”.
Өрөө. Зохиогчийн эрх 1995 онд хуулиар хамгаалагдсан.
Шинэ Хандлага / Иошуа Харрис
***
Та өмнө нь, Бурхан таны амьдралыг хэрхэн харж байдаг тухай бодож байсан уу? Матай 12:36-д, “Тиймд Би та нарт хэлье: ‘Хүмүүс дэмий хоосон ярьсан үг бүрийнхээ төлөө шүүлтийн өдөр тайлбар өгөх болно” хэмээн Есүс айлджээ. Хэрэв бид өөрсдөдөө үнэнч байвал, өөрсдийн бодол болон үйлдэлдээ бүтэлгүйтэл бүрийн төлөө харуусан, гунигтай байгаагаа хүлээн зөвшөөрөх болно, мөн бид муу бодлуудыг өвөрлөсөн болон нууцаар үйлдсэн үйлдлүүдийнхээ төлөө ичин улайх болно. Ариун Библийн Ром номын 2:16–д, “...Бурхан, Есүс Христээр дамжуулан хүмүүсийн нууцлаг хэргүүдийг шүүх болно” хэмээн хэлсэн байдаг. Элч Петр номлохдоо: “Тиймээс та нар эргэцгээ, гэм нүглүүд чинь цагаагдахын тулд гэмшицгээ, тэгээд Эзэний оршихуйгаас сэргээх цаг нь ирэх болтугай...” (Үйлс 3:19) гэсэн юм. Есүс таны нүглүүдийг арчин хаясан уу, эсвэл нүглүүд өнөөдрийг хүртэл таны дотор орогносоор байна уу?
Та эрх чөлөөтэй болмоор байна уу? Таны өнгөрсөн үеийн бодлууд болон үйлдлүүд таныг доош нь татаж байна уу? Нүглүүд нь бидний зүрх сэтгэл болон амьдралд асар их ачаа дарамт болдог. “Хэрэв бид, бидэнд нүгэл байхгүй гэж хэлбэл, өөрсдийгөө хуурч байгаа бөгөөд, үнэн бидний дотор байхгүй” (1 Иохан 1:8). “Учир нь нүглийн төлөөх төлөөс нь үхэл бөгөөд харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Есүс Христ доторх мөнх амь юм” (Ром 6:23).
Есүс биднийг уучлах саналыг тавьдаг. Тэрбээр энэ дэлхийд ирээд, бүх нүгэлтнүүдийн төлөө Өөрийн цусыг урсгасан. Харин одоо авралын төлөвлөгөө бүрэн гүйцэт болсон байна. Та бүрэн бүтэн болмоор байна уу? “...хэрэв Хүү та нарыг чөлөөлбөл, та нар зайлшгүй эрх чөлөөтэй болох болно” (Иохан 8:36). Мөн Дуулал 51-р бүлгийг уншаарай, яг одоо Есүс рүү ирээрэй! Өөрийн нүглүүдийг өчин, гэмшээрэй! “Хэрэв бид нүглээ гэмшвэл, ТЭРБЭЭР итгэмжит мөн зөвт тул бидний нүглийг уучилж, бүх л зөвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ” (1Иохан 1:9). Есүст итгэж, Түүнтэй хамт хангалуун амьдралд удирдуулаарай. Бид таны амьдралдаа өдөр тутам хийх алхамуудын зүг чигийг санал болгох болно.